Дэлхийн мэдээг цөөн үгээр 08.08

2022-08-08, 08:36
1,973

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Хятад улс Пелосид хориг тавьжээ, Франц улс ундны усны хомсдолд оров, АНУ сармагчны цэцэг өвчнийг эрүүл мэндийн салбарын гамшгаар зарлалаа зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 08.08
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Франц улс ундны усны хомсдолд оров

Франц улсад түүхэнд тохиолдож байгаагүй ган гачиг нүүрлээд буй тул засгийн газар хямралтай тэмцэх багийг байгуулжээ. Тус улсын 93 бүс нутагт ундны усны хэрэглээг хязгаарлаад байна. Ерөнхий сайдын ажлын албанаас мэдээлснээр энэ нь Францын түүхэнд бүртгэгдсэн хамгийн хүнд ган гачиг аж.

Хуурай нөхцөл байдал дор хаяж 14 хоног үргэлжлэх төлөвтэй байна. Эх газрын Францыг тэр аяар нь хамарсан гэхэд болох эл ган гачиг нь тариалангийн ургацыг бууруулж, Украины дайны улмаас үүсээд байсан хүнсний хямралыг улам хурцатгаж болзошгүй. Орос, Украины үр тарианы экспорт хэвийн хэмжээнээс хамаагүй доогуур байгаа тул Европ тив хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлттэй тэмцэж буй.

Франц улс ундны усны хомсдолд оров

2 Хятад улс Пелосид хориг тавьжээ

Бээжин, Вашингтоны хооронд хурцадмал байдал үүссэнтэй холбогдуулан Хятад улс Тайвань дахь цэргийн сургуулилтаа эрчимжүүлэв. Мөн АНУ-ын спикер Нэнси Пелосигийн эсрэг хориг арга хэмжээ авахаа мэдэгдлээ.

Пелосигийн Тайваньд хийсэн айлчлалын дараа Хятадын Гадаад хэргийн яам өнөөдөр түүний эсрэг хориг арга хэмжээ авахаа зарлалаа. Бээжин энэ айлчлалыг "дотоод хэрэгт нь бүдүүлгээр хөндлөнгөөс оролцсон" гэж дүгнэсэн. Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен тус айлчлалд цэргийн хариу арга хэмжээ авч буйг "илэн далангүй өдөөн хатгасан" гэж тодорхойлоод байна.

Хятад улс Пелосид хориг тавьжээ

3 Хайнань арал дээр 80 мянган жуулчин гацав

Хятадын эрх баригчид Covid-19-ийн дэгдэлтийг зогсоох арга хэмжээ авахаа зарласны дараа тус улсын аялал жуулчлалын алдартай бүс Хайнань арал дээр 80 мянга орчим жуулчин гацаад байна. Тодруулбал Санья хотод Бямба гарагийн өглөөнөөс эхлэн нийтийн тээврийг түр зогсоож, хотын доторх иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлажээ. Гацсан жуулчид явахаасаа өмнө долоо хоног тэндээ байж, таван удаа шинжилгээ өгөх шаардлагатай. Долоодугаар сарын 23-наас хойш тус хотод ирсэн хүмүүсийг бямба гарагийн 18:00 цагаас хойш Хайнаниас гарахыг хоригложээ.

Хайнань арал дээр 80 мянган жуулчин гацав

4 Кишида Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна

Японы Ерөнхий сайд Кишида Фумио ирэх долоо хоногийн эхээр Засгийн газрын танхим болон эрх баригч Либерал ардчилсан намынхаа тэргүүн байруудад өөрчлөлт оруулахаа бямба гарагт мэдэгдлээ. Тэрбээр Covid-19-ийн халдвар, үнийн өсөлт, Орос Украины түрэмгийлэл, Тайванийн байдал зэрэг янз бүрийн сорилттой тэмцэхийн тулд шинэ Засгийн газрын танхимыг аль болох хурдан эхлүүлэхийг хүсэж буй аж.

Кишида Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна

5 АНУ Хятадын хилийн ойролцоо цэргийн сургуулилалт хийнэ

АНУ Өмнөд Азийн газар нутагт Энэтхэгтэй хамтарсан цэргийн сургуулилалт хийхээр болов. Тус газар Хятадын хилээс 100 км хүрэхгүй зайтай аж. Цэргийн сургуулилалт ирэх аравдугаар сарын дундуур Энэтхэгийн Уттаракханд мужийн Аули хотод 10 мянган фут өндөрт явагдана. Ингэснээр өндөр уулын байлдааны сургуулилалтад гол анхаарлаа хандуулна гэж Энэтхэгийн армийн ахлах офицер мэдэгдсэн байна.

АНУ Хятадын хилийн ойролцоо цэргийн сургуулилалт хийнэ

6 Удахгүй нээлтээ хийх iPhone 14

Жил бүрийн намар Apple компани шинэ загвараа танилцуулж тэр бүтээгдэхүүн нь хамгийн борлуулалт өндөр бүтээгдэхүүн болдог. Тэгвэл энэ жил гарах шинэхэн iPhone 14 дөрвөн хувилбартай байх аж.

Камер улам сайжирч, “Ultra Wide” буюу хэт өргөн камер мөн перископ линзтэй болж дүрсийг илүү сайн татах чадвартай болох аж. Түүнчлэн Pro загварууд 48 мегапиксел, 8К нягтшилтай дүрс бичлэг бичих чадалтай болно хэмээн эх сурвалжууд мэдээлж байна. Үнийн хувьд дараах дөрвөн төрлийн үнийг хэрэглэгчдэд санал болгож байна. Үүнд:

iPhone 14: 799 ам.доллар
iPhone 14 Pro: 999 ам.доллар
iPhone 14 Max: 1099 ам.доллар
iPhone 14 Pro Max: 1199 ам.доллар

Удахгүй нээлтээ хийх iPhone 14

7 Хойд Солонгос Орост цэргийн тусламж санал болгов

ОХУ-ын Украинд түрэмгийлэх оролдлогыг дэмжихийн тулд Хойд Солонгос 100 мянган цэрэг илгээх санал тавьсан гэж Оросын төрийн телевиз мэдэгдлээ. Хойд Солонгосын цэргийн тусламж үзүүлэх саналыг тэр даруй шалгах боломжгүй байсан ч Оросын батлан ​​хамгаалахын шинжээч Игорь Коротченкод тус мэдэгдэл очсон байна.

Хойд Солонгос Орост цэргийн тусламж санал болгов

8 АНУ сармагчны цэцэг өвчнийг эрүүл мэндийн салбарын гамшгаар зарлалаа

АНУ-ын эрх баригчид сармагчны цэцэг өвчний дэгдэлттэй холбогдуулан эрүүл мэндийн салбарт онц байдал зарлах шийдвэр гаргасныг тус улсын Эрүүл мэндийн сайд Хавьер Бесерра мэдэгджээ.

“Бид энэ вирустэй тэмцэх хариу арга хэмжээгээ шинэ түвшинд авахад бэлэн байна” гэж тэрбээр мэдэгдсэн байна. АНУ-д сармагчны цэцэг өвчний халдварын тохиолдлын тоо 6600 давжээ.

АНУ сармагчны цэцэг өвчнийг эрүүл мэндийн салбарын гамшгаар зарлалаа

9 В.Зеленский Хятадын даргатай шууд хэлэлцээ хийх хүсэлтэй байгаагаа мэдэгджээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Хятадын “South China Morning Post” сонинд ярилцлага өгөхдөө тус улсын дарга Ши Жиньпинтэй Украины мөргөлдөөний асуудлаар шууд хэлэлцээ хийх хүсэлтэй байгаагаа мэдэгджээ. Түүний хэлснээр Киев хоёрдугаар сарын 24-нөөс эхлэн хэлэлцээ хийхийг албан ёсоор хүссэн боловч яриа хэлцээ огт болоогүй байна.

“Би Ши Жиньпинтэй шууд ярилцмаар байна. Хоёрдугаар сарын 24-ний өдрөөс буюу өргөн цар хүрээтэй түрэмгийлэл эхэлснээс хойш бид хэлэлцээ хийх хүсэлт тавьсан боловч хэдийгээр маш үр дүнтэй болно гэж бодож байсан ч яриа хэлэлцээ хийгдээгүй байна. Хятад улс маш хүчирхэг эдийн засагтай бөгөөд Орост эдийн засаг, улс төрийн хувьд нөлөөлж чадна" гэж В.Зеленский хэлжээ.

В.Зеленский Хятадын даргатай шууд хэлэлцээ хийх хүсэлтэй байгаагаа мэдэгджээ

10 "Цагаан арьст британичууд нэр хүндтэй их сургуульд элсэх магадлал бага" гэж Daily Mail цохов

"Их Британийн түүхэнд анх удаа цагаан арьст оюутнууд нэр хүндтэй их сургуульд элсэх магадлал хамгийн бага байна" гэж "Daily Mail" мэдээллээ. Хэвлэлд тайлбарласнаар энэ үзэгдэл их сургуульд соёлын олон талт байдлыг нэмэхийг төрөөс хүссэний үр дүн гэжээ. Нэгдсэн Вант улсын Боловсролын яамны статистик мэдээллээс харахад цагаан арьст залуучуудын 10.5 хувь нь элит их, дээд сургуульд суралцдаг. Энэ нь бусад үндэстний бүлгүүдээс хамгийн бага байгаа юм. Өмнө хар арьст оюутнууд их сургуульд элсэх магадлал хамгийн бага байсан гэж сонинд тэмдэглэсэн боловч сүүлийн үеийн мэдээллээр тэд цагаан арьстнуудаа гүйцэж түрүүлсэн байна. Тэдний 10.7 хувь нь одоо тус улсын нэр хүндтэй их, дээд сургуульд суралцаж байна. Сүүлийн жилүүдэд элсэлтийн комиссын багш нарт өргөдөл гаргагчийн намтрыг харгалзан үзэхийг зөвшөөрчээ.

"Цагаан арьст британичууд нэр хүндтэй их сургуульд элсэх магадлал бага" гэж Daily Mail цохов

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()