Дэлхийн мэдээг цөөн үгээр 08.13

2022-08-13, 11:38
2,155

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. АНУ-д шатахууны үнэ буурч байна, Оросууд Ираны дрон ашиглаж сургалт хийж байна, Японы төлөөлөгч сэтгүүлчээ суллуулахаар Мьянмарт очжээ зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 08.13
БЭЛЭГ!
Хаах
Сурталчилгаа

1 НҮБ Украины цөмийн цахилгаан станцын орчимд цэрэг дайны ажиллагаагаа зогсоохыг анхааруулав

НҮБ Украины өмнөд хэсэгт орших, Запорожийн цөмийн цахилгаан станцын эргэн тойронд явуулж буй цэрэг дайны ажиллагааг нэн даруй зогсоохыг уриалж, үүнээс урган гарах аливаа сөрөг үр дагаврыг бүс нутаг төдийгүй дэлхий нийтэд гамшгийн үр дагаварт хүргэж болзошгүй гэж анхаарууллаа.

НҮБ-ын аюулгүйн зөвлөл ОХУ-ын хүсэлтийн дагуу Украины цөмийн цахилгаан станцын нөхцөл байдлыг хэлэлцэж байна. Сүүлийн үед Украины цөмийн цахилгаан станцад хэд хэдэн удаагийн зэвсэгт халдлага гарах болсон. Үүнд ОХУ болон Украины тал бие биеэ буруутгасан байр суурьтай байна.

НҮБ Украины цөмийн цахилгаан станцын орчимд цэрэг дайны ажиллагаагаа зогсоохыг анхааруулав

2 Японд олон бүс нутгаар хэт халахыг анхааруулжээ

Японы Цаг уурын хүрээлэн болон Байгаль орчны яамнаас өнөөдөр тус улсын ихэнх газраар хэт халах төлөвтэй байгаа тул иргэдэд анхааруулж сэрэмжлүүлэг зарлажээ.

Тодруулбал, Киото, Тояама, Маэбаши, Кумагаяа хотуудад цельсийн 37 хэмд хүрч халах төлөвтэй байгаа бол Токио хотын төв хэсгээр болон Нагояд 35 хэм хүрч халах төлөвтэй байна. Иймд иргэдийг өдрийн цагаар аль болох гэртээ байж, эрчимтэй дасгал хөдөлгөөн хийхгүй байхыг зөвлөж байна.

Японд олон бүс нутгаар хэт халахыг анхааруулжээ

3 АНУ хамгийн том цэргийн сургуулилалтаа эхэллээ

Энэтхэг Номхон далайн бүс нутагт Хятадын цэргийн үйл ажиллагаа нэмэгдэж буй энэ цаг үетэй зэрэгцэн АНУ, Индонези, Австралийн хамтарсан цэргийн сургуулилалт эхэллээ. Энэ нь Суматра арал дээр жил бүр тогтмол болдог сургуулилалт. Нийт 5000 гаруй албан хаагч оролцож буй эл сургуулилалт нь 2009 оноос хойших хамгийн томоохон хэмжээний сургуулилалт юм.

АНУ хамгийн том цэргийн сургуулилалтаа эхэллээ

4 АНУ-д шатахууны үнэ буурч байна

Дэлхийн зах зээл дээр, геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалж газрын тосны ханш дээд цэгтээ хүрч өссөн. Тэгвэл АНУ-д өнгөрсөн 3 дугаар сараас хойш анх удаа хэрэглээний шатахууны үнэ 4 америк доллароос доошилж, 1 галлон шатахууны үнэ улс орон даяар 3 доллар 99 центийн үнэтэй худалдаалж байна.

Хэдийгээр шатахууны жижиглэнгийн үнэ буурсан ч энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 25 хувиар өндөр хэвээр байна. Шинжээчдийн хувьд АНУ-д шатахууны үнэ ойрын 10 хоногт буурсаар нэг галлон нь 3 доллар 70 цент хүрэх болов уу гэж таамаглаж байна. Ингэснээр Америкийн 2 машинтай энгийн нэг гэр бүлийн хувьд шатахууны зардал 100 америк доллароор буурна гэж Цагаан ордны эдийн засгийн зөвлөл үзэж байгаа аж.

АНУ-д шатахууны үнэ буурч байна

5 Трампийн зөвлөх асанг хөнөөхийг завджээ

АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр ажиллаж байсан Жон Болтоныг Ираны нэгэн этгээд хөнөөхөөр завдсан байна. Тодруулбал, Исламын хувьсгалт гвардийн гишүүн Шахрам Поурсафиг хөлсний аллага үйлдэхийг завдсан гэх хэргээр Холбооны мөрдөх товчоо эрэн сурвалжилж байна.

Жон Болтон "Sky News"-т өгсөн ярилцлагадаа "АНУ-ын засгийн газрын хуучин албан тушаалтны эсрэг Ираны засгийн газрын явуулга гэж би бодож байна. Тэдний хөнөөх гэж байгаа цорын ганц хүн нь би биш гэдгийг баттай хэлнэ. Энэ бол зөвхөн төрийн албан хаагчаар тогтохгүй АНУ-ын иргэн рүү дайрч буй хэрэг  юм" гэжээ.

Трампийн зөвлөх асанг хөнөөхийг завджээ

6 Германы дипломатч Бразилд баривчлагджээ

Бразил дахь Германы консулын ажилтан Уве Херберт Ханг  Рио-де-Жанейро хотод нөхрийнхөө амийг хөнөөсөн хэргээр баривчлах шийдвэр гаргажээ. Консулын ажилтан нь халдашгүй дипломат эрхтэй гэж тэрбээр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч гэж эл нэхэмжлэлийг үгүйсгэж буйг “CNN Brasil” цахим хуудас мэдээлэв. Түүний нөхөр 52 настай Уолтер Анри Максимилиен Биот нь Ипанема хорооллын орон сууцнаас нас барсан олджээ. Улмаар Рио-де-Жанейрогийн цагдаа нар Бямба гаригт консулын ажилтанг баривчилсан байна. 

Германы дипломатч Бразилд баривчлагджээ

7 Оросууд Ираны дрон ашиглаж сургалт хийж байна

ОХУ-ын арми сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд Иранд дроны сургуулилалт хийж  эхэлсэн. Энэ сургуулилалтыг Москва уг системийг худалдаж авах бодолтой байгаагийн шинж тэмдэг гэж АНУ үзэж байна.  "ОХУ дрон онгоц тээвэрлэх гэрээний хүрээнд сүүлийн хэдэн долоо хоногийн турш Иранд сургуулилалт хийсэн" гэж АНУ-ын албаны хүн "CNN"-д ярьжээ. Сургалтын талаарх бусад мэдээлэл одоогоор нууцлалтай байна.

Оросууд Ираны дрон ашиглаж сургалт хийж байна

8 Оросын талд ажилласан герман офицер 10 жилийн ял авна

ОХУ-д зургаан жилийн турш ажиллаж, тус улсын тагнуулын албанд мэдээлэл дамжуулсан хэргээр германы офицерыг шалгаж байна. Тодруулбал, 65 настай Ральф Г нэртэй офицер  2014-2020 онд Оросын тагнуулд мэдээлэл дамжуулж ажиллажээ. Ральф Г энэ хугацаанд Германы цэрэг армийн тухай болон өндөр албан тушаалтнуудын хувийн мэдээллийг дамжуулдаг байсан аж.

Оросын талд ажилласан герман офицер 10 жилийн ял авна

9 Японы төлөөлөгч сэтгүүлчээ суллуулахаар Мьянмарт очжээ

Баримтат киноны найруулагч, чөлөөт сэтгүүлч Тору Кубота гэх япон хүн Мьянмар дахь эсэргүүцлийн жагсаалыг сурвалжилж байгаад баривчлагджээ. Тэрбээр Мьянмарт жуулчны визээр нэвтэрсэн бөгөөд өнгөрсөн сарын 30-ны өдөр баривчлагдсан. Түүнийг цагаачлалын хууль зөрчиж, эрх баригч цэргийн хүчний эсрэг үзэл санааг дэмжсэн хэргээр буруутгаж байна.

Японы төлөөлөгч сэтгүүлчээ суллуулахаар Мьянмарт очжээ

10 Ши Жиньпин Саудын Арабт айлчилна

БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх долоо хоногт Саудын Арабт айлчлахаар төлөвлөж байна. Түүний айлчлалыг угтсан бэлтгэл ажлууд нь зургадугаар сард Жо Байденг угтаж авснаас эрс ялгаатай байгааг “The guardian” хуудас онцлов. АНУ-ын ерөнхийлөгчийг Саудын Арабт харьцангуй нам гүм хүлээж авсан аж. Хятад, Саудын Араб хоёрын харилцаа сүүлийн 20 жилд улам нягтарсан. Энэ удаагийн айлчлалаар үүнийгээ улам бататган харуулах төлөвтэй байна.

Ши Жиньпин Саудын Арабт айлчилна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()