Уул Уурхайн салбарынхны хамгийн том чуулган “Уул Уурхайн Долоо Хоног 2022”

Уул Уурхайн салбарынхны хамгийн том чуулган “Уул Уурхайн Долоо Хоног 2022”
УРАМШУУЛАЛ!
Хаах
Сурталчилгаа

Одоогоос 100 жилийн өмнө тэртээ 1922 оны 12 дугаар сарын 25-нд Налайхын нүүрсний уурхайг улсын мэдлийн уурхай болгох тухай Ардын Засгийн газрын шийдвэр гарснаар энэ өдрийг Монгол Улсад орчин үеийн уул уурхайн салбарын үүсэл, хөгжлийн эхлэл гэж үздэг. Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн гол хөшүүрэг болж байгаа энэ том салбарын түүхэн 100 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ тэмдэглэлт үйл явдлыг угтан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам,  “Оюу толгой” компани хамтран “Уул уурхайн долоо хоног 2022” нэгдсэн арга хэмжээг анх удаа зохион байгуулах гэж байна. Арга хэмжээ 2022 оны 9 сарын 19-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Шангри-ла зочид буудалд зохион байгуулагдана.  

Ковидын дараах эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэхийн тулд уул уурхайн салбарыг идэвхжүүлж гаднын хөрөнгө оруулагчдыг татах, дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих бодлогыг Засгийн газраас хэрэгжүүлж буй. Энэ амбицад хүч нэмэх, хөшүүрэг болох том боломж “Уул уурхайн долоо хоног” арга хэмжээ болж байна. Долоо хоногийн турш үргэлжлэх энэ арга хэмжээ нь уул уурхайн салбарын бодлогын семинар, хөрөнгө оруулалтын чуулган, хөдөлмөрийн аюулгүй байдлын бага хурал, хариуцлагатай уул уурхайн семинар, гүний уурхайн симпозиум, уул уурхайн техник, ханган нийлүүлэлтийн үзэсгэлэн гээд төрөл бүрийн арга хэмжээний цогц байх аж. Нэг ёсондоо уул уурхайн салбарынхан хамгийн өргөн бүрэлдэхүүнтэйгээр Улаанбаатар хотод хуран чуулах нь. Энэ арга хэмжээний үеэр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад эрдэс баялгийн хайгуул, олборлолтын өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын орчны талаар цогц мэдээлэл өгч, санхүүгийн зах зээл, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын боломжийн талаар ч өргөн дэлгэр хэлэлцэх юм.

“Уул уурхайн долоо хоног” –ийн эхний өдөр Монголын уул уурхайн салбар өнгөрсөн 100 жилийн хугацаанд хөгжсөн ололт амжилт, цаашдын бодлого, зорилтын талаар Монгол Улсын Засгийн газрын гишүүд танилцуулж, агуулга бүрээр хэлэлцүүлэг өрнүүлэх ажээ. Уул уурхайн салбарт ажиллаж байгаа уурхайчдын хөдөлмөрийн аюулгүй байдал өнөөдөр хэрхэн хангагддаг, хүндрэл бэрхшээлийн талаар ч энэ өдөр өргөн хүрээнд ярилцаж, “Рио Тинто” компанийн аюулгүй ажиллагааны төлөвшлийн загварыг танилцуулах аж.

Арга хэмжээний хоёр дахь өдөр манай улсын ашигт малтмал, газрын тосны хайгуул, олборлолтын өнөөгийн байдал болон ирээдүйн чиг хандлагын талаар мэдээлэл өгнө. Хөрөнгө оруулагчдын хамгийн ихээр сонирхдог сэдэв бол энэ. Энэ сэдвийн хүрээнд эрдэс баялгийн салбарын гадаадын хөрөнгө оруулалтын дэмжих бодлогыг Эдийн засгийн хөгжлийн яам танилцуулж, уул уурхайн томоохон компаниуд илтгэл тавин, хэлэлцүүлэг өрнүүлэх аж.

Монгол Улсад анх удаа уул уурхайн салбарынхан долоо хоногийн турш чуулж, ололт амжилт, асуудал бэрхшээлээ хэлэлцэн, дэлхийн шинэ техник технологитой танилцах цогц арга хэмжээний бас нэг зорилго бол уул уурхайн талаарх монголчуудын ойлголт, хандлагыг нэг шат ахиулах явдал гэдгийг зохион байгуулагчид онцолж байгаа. Уул уурхайн талаарх иргэдийн дунд ойлголт, мэдээлэл  бүрэн бус байдгаас улбаалж уул уурхайн компаниуд эсэргүүцэлтэй тулгардаг, цаашлаад төсөл нь зогсох хэмжээнд хүрдэг цөөнгүй жишээ манайд бий. Энэ ч үүднээс арга хэмжээний хоёр дахь өдөр энэ сэдвийг хөндөж “Хариуцлагатай уул уурхай ба орон нутаг” сэдвээр хэлэлцүүлгүүд үргэлжлэх бол гурав дахь өдөр гүний уурхайн симпозиум өрнөх юм. Энэ үеэр томоохон компаниуд гүний уурхай болон үүсмэл ордын ашиглалтын талаар төр хувийн хэвшлийн хэмжээнд өргөн дэлгэр хэлэлцэхээр товлогджээ.

Уул уурхайн долоо хоног”-ийн оролцогчдын хүлээлттэй байгаа томоохон арга хэмжээ бол ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэн юм. Арга хэмжээний сүүлийн өдрүүдэд энэхүү үзэсгэлэн болох бөгөөд хамгийн олон оролцогч, зочидтой, хамгийн гол нь дэлхийн уул уурхайн салбарт ашиглагдаж буй дэвшилтэд техник технологийг танилцуулах ажээ.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын гол чухал хэсэг болох эдийн засгаа эрчимжүүлэх, тэр дундаа гаднын хөрөнгө оруулагчдыг татах, дотоодын эрх зүйн орчныг тодорхой, ээлтэй болгох асуудал уул уурхайн салбарынхны хувьд хүлээлттэй байсан бодлогын нэг юм. Тэр ч үүднээс анх удаа уул уурхайн салбараар долоо хоног амьсгалах, олон чиглэл, салбарт үр өгөөж өгөх олон улсын арга хэмжээг ийнхүү зохион байгуулж байгаа санаачлагчид онцлон тэмдэглэж буй. Уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн гол чухал хэсэг, цаашид ч тодорхой хугацаанд үргэлжлэх учраас “Уул уурхайн долоо хоног” арга хэмжээг жил бүр зохион байгуулах аж. Ингэснээр уул уурхайн салбар тогтвортой хөгжих, улс төр, хууль эрх зүйн орчин тогтвортой болж, иргэд олон нийтийн ойлголт мэдээлэл сайжирч, ул суурьтай хардаг болох гээд олон чухал үр дүн бий болох боломжтой юм.

Нэг үе олон улсын уул уурхайн гол цэг болж, дэлхий нийт анхаарал хандуулан том том хөрөнгө оруулагч нар сонирхон ирж байсан оргил үедээ ойртож очих том амбиц манай төр засагт, уул уурхайн компаниудад аль алинд бий. Хамгийн гол нь уул уурхайн салбар 10, 20, 30 жил тогтвортой ажиллаж байж үр өгөөжөө өгдөг. Ийм салбарт төр засгийн тогтвортой бодлого хамгийн чухал гэдгийг өнгөрсөн хугацаанд олон талд хүлээн зөвшөөрч ирсэн. “Уул уурхайн долоо хоног” чуулган энэ хүндрэл бэрхшээлийг засахыг, давахыг зорьсон чухал арга хэмжээ гэж зохион байгуулагчид онцолсоор байна.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.