Дэлхийн мэдээг цөөн үгээр 09.23

2022-09-23, 09:58
955

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Иранд болсон эмэгтэйчүүдийн жагсаалын үеэр найман хүн нас барав, Юн Сук Ёл гадаад дахь солонгосчуудыг хамгаалах яам байгуулна, Японы Төв банк бодлогын хүүг нам түвшинд хэвээр хадгалахаар шийдвэрлэв зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 09.23
БЭЛЭГ!
Хаах
Сурталчилгаа

1 Орос, Украины талууд 300 орчим хоригдол солилцлоо

Тэдний тоонд АНУ, Их Британи, Марокко зэрэг орны дайны олзлогдогсод багтжээ. Орос улсын хувьд Мариуполь хотын хамгаалалтад хүчин зүтгэж байсан таван командлагчийг оролцуулаад нийт 215 украиныг сулласан. Үүний хариуд Украин 55 оросыг суллажээ. Тэдний дотор Виктор Медведчук тэргүүтэй Оросын дэмжигч украинчууд багтаж байна. Виктор Медведчук нь ОХУ-д цэргийн нууц худалдаж, эх орноосоо урвасан хэргээр буруутгагдсан улс төрч юм. Энэ солилцоог Саудын Араб болон Туркийн тусламжтай хийлээ. Украины Ерөнхийлөгч Зеленский солилцоог зохион байгуулалцсан явдалд Туркийн Ерөнхийлөгчид талархлаа илэрхийлсэн. “Энэ бол манай ялалт. Хамгийн гол нь 215 гэр бүл ойр дотнын хүнээ эсэн мэнд харах боломжтой боллоо. Бид бүх ард түмнээ санаж, украин хүн бүрийг аврахыг хичээдэг” гэж тэр хэлэв.

Орос, Украины талууд 300 орчим хоригдол солилцлоо

2 Юн Сук Ёл гадаад дахь солонгосчуудыг хамгаалах яам байгуулна

Хөх ордны тэргүүн Юн Сук Ёл гадаад улсад амьдарч буй солонгос иргэдээ дэмжих, үзэн ядах гэмт хэргээс хамгаалахад илүү их анхаарахаа амласан. Тэрбээр НҮБ-ын Ерөнхий ассамблейн хурлыг далимдуулан Нью-Йорк хотод амьдарч, сурч буй солонгос иргэдтэйгээ уулзсан аж. Энэ уулзалтын үеэр Юн Сук Ёл гадаад дахь солонгос иргэдийнхээ эрхийг хамгаалахын тулд яам байгуулж, хууль санаачилна гэж амласан байна.

Тэрбээр "Өмнөд Солонгосын Засгийн газар гадаад дахь солонгосчуудаа үзэн ядах, арьс өнгөөр ялгаварлах гэмт хэргийн хохирогч болохоос хамгаалахын тулд тодорхой хүчин чармайлт гаргана. Мөн АНУ-ын эрх баригчдад хандан тус улсад амьдарч, суралцаж буй солонгос иргэдийн эрх, ашиг сонирхол, аюулгүй байдлыг хамгаалахад анхаарал хандуулахыг шаардах болно" гэжээ.

Юн Сук Ёл гадаад дахь солонгосчуудыг хамгаалах яам байгуулна

3 Хятадын армийг дайнд бэлтгэхэд анхаарлаа төвлөрүүл гэв

БНХАУ-ын Бээжин хотноо өчигдөр Үндэсний батлан хамгаалах, цэргийн шинэчлэлийн асуудлаарх бага хурал болсон. Энэ үеэр удирдагч Ши Жиньпин Хятадын армийг цэргийн ажиллагаанд анхаарал хандуулахыг уриалав. Уг хуралд Хятадын цэргийн төв зөвлөл, Ардын зэвсэгт цагдаа, Цэргийн академийн өндөр албан тушаалтнууд оролцжээ.

“Цэргийн шинэчлэлийн амжилттай туршлагыг ухамсартайгаар нэгтгэн дүгнэж, хэрэгжүүлэх, даалгаврын шаардлагыг ойлгох, дайнд бэлтгэхэд анхаарлаа төвлөрүүлж, эрэл хайгуул хийх, шинийг эрэлхийлэх зоригтой байх нь зайлшгүй чухал” гэж тэр хэлжээ.

Хятадын армийг дайнд бэлтгэхэд анхаарлаа төвлөрүүл гэв

4 Иранд болсон эмэгтэйчүүдийн жагсаалын үеэр найман хүн нас барав

Иранд 22 настай эмэгтэй хоригдож байгаад нас барсантай холбоотойгоор Засгийн газрын эсрэг эсэргүүцлийн жагсаал болсон. Тодруулбал, өнгөрсөн амралтын өдөр Махса Амини нэртэй эмэгтэй толгойн алчуур зүүж явах тухай хууль зөрчсөн хэргээр цагдаад баривчлагдаж, улмаар нас баржээ. Тус улсын Ерөнхийлөгч Эбрахим Раиси өдгөө Нью-Йорк хотод НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцож буй. Ерөнхийлөгч эзгүй үеэр ийнхүү сүүлийн жилүүдэд тохиолдоогүй том жагсаал болж байна.

Хүний эрхийн байгууллагын мэдээлснээр дор хаяж найман хүн амиа алджээ. Мөн 450 хүн шархдаж, 500 гаруй хүн баривчлагдлаа. Үймээнийг дарахын тулд Засгийн газар цагдаа нар болон энгийн хувцастай зэвсэгт хүчнийхнийг илгээсэн. Жагсаал болсон хорооллуудад интернэт, үүрэн холбооны үйлчилгээ тасалдаад буй. Инстаграм платформ руу нэвтрэх эрхийг ч мөн өчигдөр хязгаарлалаа.

Иранд болсон эмэгтэйчүүдийн жагсаалын үеэр найман хүн нас барав

5 Орос улс нөөц цэргүүдийг 15 хоногийн бэлтгэлд хамрагдахыг үүрэгдсэн гэв

Хэсэгчилсэн цэрэг татлагын тухай мэдэгдлийг армид алба хааж байсан 35-аас доош насны, бага цэргийн цолтой, нөөцөд байгаа эрчүүдийн гэрт хүргүүлсэн. Зарим тохиолдолд гудамжаар явж байхад нь иргэний үнэмлэхийг нь шалгаж, эрүүл мэндийн үзлэгт орох тухай мэдэгдэж байв. Армид алба хааж байсан нэгэн орос иргэн ярилцлага өгөхдөө “Тэд хоёрдугаар сараас хойш намайг хөөж, гэрээ байгуулахыг оролдож байна” гэжээ. Оросын хойд туйлын Мурманск хотод амьдардаг нэгэн иргэн орон нутгийн цэргийн комиссарт ирэхийг тушаасан мэдэгдэл хүлээж авчээ. Тухайн иргэн 10 гаруй жилийн өмнө Чечений дайнд оролцож байсан. Баруун Сибир дэх газрын тос, байгалийн хийн “Сургутнефтегаз” компанид мэдэгдэл хүрсэн. Мэдэгдэлд 14 хоногийн сургалтад хамрагдах хүмүүсийн жагсаалтыг дурдсан байжээ. Москва дахь зарим эрх мэдэлтнүүд мөн л 15 хоногийн цэргийн бэлтгэлд оролцохыг үүрэгдсэн мэдэгдэл хүлээж авсан байна.

Орос улс нөөц цэргүүдийг 15 хоногийн бэлтгэлд хамрагдахыг үүрэгдсэн гэв

6 Оросын зэвсэг, эрчим хүчний талаар АНУ, Энэтхэг хэлэлцжээ

Оросын зэвсэг, эрчим хүчнээс хамааралтай байгаа асуудлаар АНУ-аас Энэтхэгтэй хэлэлцээ хийж байна гэж Төрийн департаментын албаны хүн мэдэгдэв. Энэ нь Москваг олон улсын тавцанд улам бүр тусгаарлах болно.

Орос "найдвартай зэвсгийн ханган нийлүүлэгч байхаа больсон" бөгөөд Энэтхэгийн төлөөлөгчид бусад оронтой хамтран ажиллах нь тустай гэж албаны хүн Нью-Йоркт сэтгүүлчдэд ярив.

Оросын зэвсэг, эрчим хүчний талаар АНУ, Энэтхэг хэлэлцжээ

7 Кристалина Георгиева: 2022 онд дэлхийн эдийн засаг уналтад орохгүй

“Бодлогын хүүг нэмэгдүүлж байгаагийн үр нөлөө 2023 онд илэрнэ” гэж ОУВС-ийн тэргүүн онцлов. "2022 онд дэлхийн эдийн засаг уналтад орохгүй. Харин Төв банкнууд мөнгөний бодлогоо чангаруулж байгаагийн үр нөлөө 2023 онд гарснаар эдийн засаг агших төлөвтэй" гэж Олон Улсын Валютын Сангийн тэргүүн Кристалина Георгиева “Bloomberg”-т өгсөн ярилцлагадаа дурдсан байна. 

ОУВС-ийн тэргүүн Кристалина Георгиева  

“2022 онд дэлхийн эдийн засаг уналтад орохгүй гэж би харж байна. Цөөхөн хэдэн улс орнуудын хувьд л магадлалтай. 2023 оны хувьд эдийн засгийн уналтаас сэргийлж чадах эсэхийг урьдчилан таамаглахад хүнд байна. Учир нь бодлогын хүүг одоо ингэж нэмэгдүүлж байгаагийн үр нөлөө 2023 онд гарч эхэлнэ. Энэ нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлнө. Одоогийн байдлаар БНХАУ-ын эдийн засгийн өсөлт хэдийн мэдэгдэхүйц хэмжээнд саарсан. АНУ-ын эдийн засгийн өсөлт харьцангуй тогтвортой байгаа ч мөн л саарсаар байна.

ОХУ-ын эрчим хүчний бодлоготой холбоотойгоор Европын Холбооны зарим улсын эдийн засаг уналтад орсон байж магадгүй. Тэгэхээр үүнд бэлтгэлтэй байх хэрэгтэй. 2023 он хүнд жил байх болно. Инфляцыг тогтворжуулж чадвал эдийн засаг эргэн сэргэх суурь тавигдах болно гэж найдаж байна” хэмээн мэдэгдлээ. 

Кристалина Георгиева: 2022 онд дэлхийн эдийн засаг уналтад орохгүй

8 Японы Төв банк бодлогын хүүг нам түвшинд хэвээр хадгалахаар шийдвэрлэв

Иений ханш ам.долларын эсрэг 0.9 хувиар суларснаар, спот ханш нь 145 даваад байна. Иений ханш ам.долларын эсрэг эрчимтэй суларсаар буй энэ үед Япон улсын Төв банк бодлогын хүүг нам түвшинд хэвээр хадгалахаа мэдэгдлээ.

Сүүлийн байдлаар иений ханш ам.долларын эсрэг 0.9 хувиар суларснаар, спот ханш нь 145 даваад байна. Энэ нь дахин 1998 оноос хойших доод түвшин боллоо.

АНУ-ын Холбооны Нөөцийн банк энэ он гарсаар тав дахь удаагаа бодлогын хүүг нэмэгдүүлээд байгаа бол Японы Төв банк ийнхүү мөнгөний бодлогоо чангатгахгүйгээр шийдвэрлэлээ.

Японы Төв банк бодлогын хүүг нам түвшинд хэвээр хадгалахаар шийдвэрлэв

9 Жо Байден: Владимир Путин цөмийн зэвсгээр илт сүрдүүлсэн

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэллээ. Тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг "Европыг цөмийн зэвсгээр илт сүрдүүлсэн" хэмээн шүүмжиллээ.

Лхагва гарагт Владимир Путин ОХУ даяар цэргийн хэсэгчилсэн дайчилгаа зарлаж, Украины эзлэгдсэн бүс нутгуудыг ОХУ-д нэгтгэхээ амласан юм. Энэ асуудлаар Украины мужуудад бүх нийтийн санал асуулга явуулахаар болсныг Жо Байден "НҮБ-ын дүрмийг ноцтой зөрчсөн үйлдэл" гэж тодотгосон байна.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу хэсэгчилсэн дайчилгааны эхний ээлжид 300 мянган алба хаагчийг татах болохоо мэдэгдээд байгаа юм.

Жо Байден: Владимир Путин цөмийн зэвсгээр илт сүрдүүлсэн

10 2030 он гэхэд АНУ-д борлуулагдах автомашинуудын 50 гаруй хувь нь бүрэн цахилгаан байна

Жо Байдены баталсан уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төсвийн хүрээнд цахилгаан автомашин худалдан авагчид татварын хөнгөлөлт авах боломжтой болно. 2030 он гэхэд АНУ-д борлуулагдах суудлын автомашины талаас дээш хувь нь цахилгаан автомашин байхыг  “Bloomberg New Energy Finance”-ийн сүүлийн судалгаа харууллаа.

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены баталсан 374 тэрбум ам.долларын төсөвт багтаж буй хэрэглэгч рүү чиглэсэн урамшууллын санаачилгууд нь цахилгаан автомашины хэрэглээ нэмэгдэхэд голлон нөлөөлнө гэж үзсэн байна. Тэр дундаа цахилгаан автомашин шинээр худалдан авахад 7500 хүртэлх ам.долларын татварын хөнгөлөлт үзүүлэхээр болсон нь борлуулалтыг эрс нэмэгдүүлэх магадлалтай байгаа аж.

2030 он гэхэд АНУ-д борлуулагдах автомашинуудын 50 гаруй хувь нь бүрэн цахилгаан байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()